"Үржлийн үед барихгүй" аяны нээлт
- Tsengeg Fishing
- Jun 7, 2021
- 1 min read
Экологийн Цагдаагийн Албанаас ШУ-ны академийн Гео-Экологийн хүрээлэн, үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК-тай хамтран 2021 оны 06 дугаар сараас эхлэн загасны үржлийн үед барихгүй байх, байгалийн цэнгэг усны загас жараахайгаа хайрлан хамгаалах, зөв зохистой загасчлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Үржлийн үед барихгүй" аянг албан ёсоор эхлүүллээ. Аяны нээлтийн арга хэмжээг Загасчлах спортын клуб, ТББ-уудтай хамтран 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгаль цогцолборт газрын нутаг дэвсгэрт орших Тэрэлж голын хөвөөнөө амжилттай зохион байгуулав.
Арга хэмжээнд нийт загасчлах спортыг сонирхогч залуус, ЭЦА-ны зохион байгуулагч бүрэлдэхүүн, “Яваад ирлээ” ТББ, “Цэнгэг спорт загасчлалын клуб”, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл”, “Монголын флай фишингийн холбоо”, “Alpha angler`s” клубийн гишүүд идэвхтэй оролцсон бөгөөд аяны нээлтийн хөтөлбөрийн дагуу МФФХ-ноос флай кастингийн сургалт, мэдээлэл болон Тэрэлж голын эрэг дагуу аяны самбар байрлуулах ажлууд тус тус хийгдлээ.

Төрөөс хэрэгжүүлж буй байгаль орчныг хамгаалах, зөв зохистой загасчлалыг олон нийтэд сурталчлах бүх үйл ажиллагааг ТББ, клуб, холбоод дэмжин ажиллаж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал хүсэлтээ харилцан солилцлоо. ЭЦА-ны хамт олонд болон аянд нэгдэж оролцож байгаа бүх ТББ, клуб хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.

Аянд нэгдээрэй залуусаа: Загас нь гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг чухал ач холбогдолтой амьтан билээ. Сайн загасчин гэж барьсан загасаа гэмтээхгүйгээр голд нь буцааж тавьдаг байхыг хэлнэ. Хэдийгээр загас барих нь сонирхол байж болох ч буцааж тавих ухамсартай байх хэрэгтэй. Загасчин байя гэвэл загасаа хамгаалъя. Учир нь загасыг үржлийн үе дээр нь баривал бүр мөсөн устах аюултайгаас гадна хууль зөрчсөн үйлдэл юм.
Та загас үржлийн үеийн 2 сарын хугацаанд барихгүй тэвчвэл тэд 20 дахин үрждэг. Загасыг үржлийн үед барихгүй байх нь байгаль орчноо хамгаалж буй бидний үүрэг юм шүү.
Comments