Флай фишингийн зөвлөгөө
- ganbaa bud
- Feb 18, 2021
- 3 min read
Updated: Apr 1, 2021

2021 онд флай фишингээр загасчлах, суралцах сонирхолтой, хавраас шинэхэн хэрэглэл, уурга авахаар төлөвлөж байгаа залуустаа товчхон зөвлөгөө өгөхөөр мэдээллийг бэлтгэлээ. Флай фишинг нь дэлхий нийтэд загасчлах спортын нэгэн томоохон салбар бөгөөд спиннингийн төрлөөс бүх талаараа ялгаатай юм. Спиннингийг хаяад флайд орсон хүн ч байдаг, хослуулан хэрэглэдэг хүмүүс ч байдаг, эсвэл флай-аас залхаад спиннингээрээ тууштай байдаг ч хүн байдаг шүү, ер нь хүн хүний л сонирхол. Бид анх 2013 оноос флай-аар хичээллэж түүнд дуртай болсон байдаг. Юуны өмнө зөвлөхөд ямар нэгэн сургалт, зөвлөгөө авалгүйгээр шууд флай уургаар гол дээр загасчлахаар төлөвлөсөн бол түр азнаарай, ядаж youtube багшаас тодорхой хэмжээний мэдээлэл авч, бэлтгэл хангаад гараарай гэж зөвлөх байна. Учир нь уурга бол хэрэгсэл, түүнийг зөв ашиглах нь хамгийн чухал ойлголт юм. Анхнаасаа ойлголт аваагүй, буруу хэрэглэснээр та өөрийгөө болон бусдыг гэмтээх эрсдэлтэйг ойлгоорой. Флай уурга нэмэх нь флай лайны тусламжтайгаар урагшаа, хойшоо савлах маягаар шидэлт хийгддэг тул өөрийгөө дэгээдэх бүрэн боломжтой байдаг, ийм учраас флай шидэлт буюу флай кастингийн анхан шатны сургалтыг авсан байх учиртай /Флай уурга барисан бол заавал нүдний шилтэй байна, онцгой анхаарах/.
Одоо үед Монгол Улсад флай фишингээр загасчлах нь ихээр хөгжиж, флай-ийн сургалтууд, дэлгүүрийн зөвлөхүүд тодорхой сургалт, мэдээллийг өгдөг болсон сайхан цаг үе. Тэр дундаа Монголын флай фишингийн холбооноос зохион байгуулдаг флай кастингийн анхан шатны сургалтад суухыг онцолж байна. Албан ёсны сургалт нь мэргэжлийн багшийн удирдлага доор хичээл явуулж, та бүхэнд бүх талын мэдээллийг бүрэн хэмжээнд олгох боломжтой байдаг. Монголын ихэнх флайчид МФФХ-ноос төрөн гарсан байдгийг дуулгахад таатай байна /Youtube хичээлүүд хүртэл байдаг/.
Флай фишингийн үндсэн хэрэглэл:
1. Флай уурга; 2. Флай дамар; 3. Флай утас; 4. Флай өгөөш; 5. Waders - өмсгөл; 6. Дагалдах бусад хэрэгслүүд.

Флай загасчлалд маш олон давуу талууд байдаг, улирлын цаг үеэс хамааран бүх төрлийн хиймэл өгөөшийг ашиглан загасчилна. Зун цагт үсэргээ хийх нь хамгийн сайхан байдаг бөгөөд загасчлалын төгс арга юм. Флай нь ОУ-ын хэмжээнд улс үндэстэн өөрийн гэсэн флай загасчлалын арга барилыг дэлхийд түгээж, маш олон төрлийн өгөөшүүд, мандал дээгүүр загасчлах, усанд доогуур гэх мэтээр загасыг төвөггүй дэгээдэх боломжийг бүрдүүлж өгсөн байдаг.
Шинэ флайчдийн уурганы сонголт:
Уурга авахаас өмнө мэдээж тодорхой хэмжээний судалгаа явуулаарай. Таны найз нөхөд флай фишингээр загасчилдаг бол анхлан суралцаж байгаа үед ямар уурга авах, мөн ашиглаж болохоор уурга байвал хямд үнээр худалдан авч туршиж үзэх нь их зүгээр байдаг. Эсвэл шууд худалдан авалт хийх нь таны хоббидоо зориулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Улаанбаатар хотод флай хэрэгслийг бүх загасчлалын дэлгүүрүүд оруулж ирдэг болсон орчин-үе. Флай уурга, утасны хувьд чухамдаа чанартай үнэтэй, нэг насны баталгаа, эсвэл боломжийн үнэтэй, хямд гэсэн сонголтууд л байдаг /Бүх зүйл ийм л байдаг/.
Ихэнх хүмүүс анхны флай уургаа авахдаа 9 фут урт (ft), 5 жинтэй (wt) /стандарт хэмжээ/, дунд зэргийн уян хатан саваа уурга авах нь түгээмэл байдаг. Флай уурга маш олон даац, хэмжээтэй, мөн ямар өгөөшөөр загасчлах нь уурганы сонголтууд өөрчлөгдөнө. Гэхдээ анхан суралцах хүмүүс дээрх хэмжээтэй стандарт уургыг авах нь хамгийн зөв сонголт, хамгийн сайн хэмжээ юм /Флай уургыг жингээр нь үнэлдэг, та ямар өгөөш шидэхээс хамааран уурганы хэмжээ тодорхойлогдоно, зэвэг, хадран загасанд 9`5-тай уурга тохирно гэдгийг зөвлөж байна/.
Уурганы төрөл / type:
1. Нэг гарын уурга - Single Handed Rod; 2. Хоёр гарын уурга - Spey Rods; 3. Switch Rods- хоёрын Spey уургаас илүү хөнгөн байдаг.
Уурганы жингүүд / weight / хэмжээ жижиг байх тусам хөнгөн жинтэй байна:
1-4: жижиг загас, жижиг горхи ба голд; 4-6: түгээмэл хэмжээтэй загас, томоохон горхи ба голууд; 6-8: хулд загас, томхон загас, гол, мөрөнд, далайд; 8-10: хулд загас, том загасанд, гол мөрөнд, далайд; 10-14: BIG GAME, том тулуудад зориулагдсан.
Флай уурганы талаар нарийн ширийн зүйл рүү хэт үсэрч орсонгүй, анхлан суралцах сонирхолтой хүмүүстээ дээрх мэдээллийг зориуллаа. Мөн МФФХ-ноос жил бүр туул гол дээрх сургалт, цугларалт хийдэг, энэ жилийн хувьд цар тахлын нөлөөллөөс үүдэн хийгдэх үгүй нь мэдэгдэхгүй байна. Цэнгэг клуб цаг сайхан болсон үед цуглаж уулзах, анхлан суралцаж байгаа хүмүүстээ мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Та бүхэнд амжилт хүсье. Клубийн зүгээс товчхон зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Баярлалаа.
Comentários