top of page

МФФХ-ны багш Б.Баярсайханы флай фишингийн сонирхолтой ярианаас


Флай фишингийн загасчлалын нэг онцлог нь урлаг /кастинг/ ба байгалийн шинжлэх ухаантай маш ойрхон байдагт оршино.Учир нь ямар ч флай загасчин флай фишингийн шидэлтийн үндсэн техник болон хиймэл өгөөш хийх арга барилыг эзэмшсэний дараа загас судлал/ихтиологи/, шавьж судлал/энтомологи/-ыг сонирхон судалж эхэлдэг. Энэ нь ямар төрлийн загаснууд жилийн аль улирал, сард ямар төрлийн шавьжнуудыг хөгжлийн аль шатанд нь идэж хооллодог талаар судалж мэдэх нь тэдгээрийг дуурайлган хиймэл өгөөшүүдийг хийж өөрийн гараар бүтээсэн өгөөшөөр “өөрийн” загасаа барьж сэтгэлийн таашаал эдлэх боломжийг олгодог. Олон цагийн судалгаа, хөдөлмөр зарцуулан зөв харьцаатай гоё сайн хийсэн өгөөшөөрөө ямар ч флай загасчин бахархдаг.


Флай фишингийн аргаар бүх төрлийн загасыг хаа ч барьж болдог бөгөөд үүний тулд зөвхөн тохирсон флай хэрэгсэл, арга техникийг эзэмшсэн байх л шаардлагатай байдаг. Олон төрлийн мэдлэг, мөн ур чадвар шаарддаг загасчлалын энэ арга нь байгальд дуртай хүмүүсийг нэгтгэхээс гадна тэднийг эх орныхоо гол ус, байгалийн бусад нөөцөд хариуцлагатай ханддаг болгоход өөрийн хувь нэмрээ оруулдаг гэж үздэг. Өнөө үед монгол эх орны маань олон гол горхи хатаж ширгэж байгаагийн зэрэгцээ зарим нэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, сувдаг сэтгэлийн улмаас голуудын загасны төрөл зүйл хомстож зарим нь устаж алга болохын ирмэг дээр ирээд байна.


Флай загасчлал нь загасыг бага гэмтээж хамгийн энэрэнгүй, зөв ёс суртахуунаар хандахыг шаарддаг ба флай загасчид “бариад-тавь” зарчмыг анх гаргасан ба үүнийгээ ч дагадаг. Энэ зарчмаараа бахархдаг мөн хувь хүн төлөвшдөг. Загасыг олноор нь алж хүнсэнд бэлдэхийн оронд ихэнх флай загасчид өөрөө судалж, өөрийн гараар өгөөшөө хийж , түүгээрээ амжилттай загасчилж сэтгэлийн таашаал авч байгальд, голын эрэг дээр амрахыг илүүд үзэх болсон байна.



Энд барьсан загасны том бага гэхээсээ илүү загасны үйл хөдлөл, ямар шавьжийг ямар үед илүүд үзэж хооллож байгааг урьдаас танин мэдэж, ялгагдахааргүй адилхан хийсэн өөрийн гарын өгөөшөөр түүнийг барих нь хамгаас чухал нэр хүндтэйд тооцогддог. Флай загасчлалын онцлог нь бусад загасчлалаас хиймэл өгөөш хийх ажиллагаа, шидэлтийн техникүүд болон барих арга барилаа байнга сайжруулж давтаж байхыг шаарддагт оршино.


Дуурайлган хийсэн хиймэл өгөөшөөр цэнгэг усны загас барихаас гадна далайн тарпон, туна, марлин, сеилфиш,гэх мэт илүү том загаснуудыг ч барьдаг. Үүнд тохирсон хүнд ангиллын флай уурга, дамар, лайн утас, дуурайлган хийсэн хиймэл өгөөшүүд хэрэгтэй байдаг.


Флайн загасчлалын уурга шидэх ур чадвар , хиймэл өгөөш хийх аргачлал хөгжихийн хажуугаар уурга, дамар, лайн утасны үйлдвэрлэл асар их хөгжиж чанарын өндөр түвшинд хүрсэн нь илүү олон хүмүүсийг энэ гайхамшигт урлаг-загасчлалд татагдан орох нөхцөлийг бүрдүүлсэн ажээ.

2 Comments


Goe bn

Like

ganbaa bud
ganbaa bud
Mar 30, 2021

oshoo ih medeelel oruularaa amjilt😎

Like
bottom of page