top of page

Монгол орны загас

Updated: Apr 1, 2021


Манай оронд 11 овгийн 36 төрөл, 76 зүйл загас бий. Тэдгээрийн 5 нь шинжлэх ухаанд шинээр бүртгэх шаардлагатай бөгөөд одоогоор нэрлээгүй байгаа, нэмэлт 5 төрөл нь Монголын нутагт бүртгэлтэй боловч дахин олдоогүй учир бүртгэлээс хасах хэрэгтэй, мөн түүнчлэн гучаад нь агнуурын загас гэсэн тооцоо судалгаатай байдаг байна. Манай орны загасны тархац Хойд мөсөн далай, Номхон далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар нутаглан амьдардаг.

Хойд мөсөн далайн ай савд багтдаг Дархадын хотгор, Булган гол, Сэлэнгэ мөрний сав, Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур зэрэг томоохон нуурт 22 зүйлийн загас байдгаас Дархадын цагаан, Дэлгэр мөрний цагаан, Хөвсгөлийн омуль, Сибирь хилэм, тул, зэвэг хоёр зүйл хадран, алгана, ердийн цурхай, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, гутаарь, улаан нүдэн, бух сугас элбэг.


Номхон далайн ай савын Хэрлэн, Онон, Улз, Халхын гол, Буйр, Хөх нуурт 43 зүйл загас байдаг нь судалгаанд мэдэгдээд байгаагийн дотор улаан далбаа, улаан живэр, Хар мөрний цурхай, Хар мөрний сугас, цагаан амар, морин загас, өлгөр цагаан, давх, Хар мөрний цулбуурт, Амарын хилэм, тул, зэвэг, Ононгийн цагаан хадар, Хар мөрний хадран, гутаарь голлоно.

Зураг: Монголын үндэсний газарзүй


Төв Азийн гадагш урсгалгүй гол мөрний ай савд багтдаг Хар, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас, говийн хөндийн Орог, Бөөн цагаан, Улаан нуур, Таацын цагаан, Адгийн цагаан, Хотон, Хоргон, Даян, Толбо, Ачит, Хонгор-Өлөн, Үүрэг, Увс болон Хангайн нурууны нуурархаг тэгш өндөрлөгийн Хүнгүйн Хар, Тэлмэн, Сангийн далай, Хөх нуур зэрэгт монгол хадран, алтайн сугас загасны гурван зүйл, могой эрээлжийн хоёр зүйл, нүцгэн жараа, бүгд долоон зүйл загас оршдогоос гурван зүйл нь агнуурын ач холбогдолтой. Тус ай савын загас бол өөр нутагт байдаггүй, манай орны унаган загас билээ.


Монгол орны давстай, давсгүй нуур болгон загастай, тэдгээрт хүнд хортой идэж болдоггүй загас бараг үгүй юм. Судлаачдын олж илрүүлсэн ан агнуурын багаж хэрэгсэл, хөшөө дурсгал, хүн ардын хэрэглэж байсан эд агуурс дахь хээ угалз тэргүүтэн нь Монголчуудын ахуй амьдрал загас агнууртай эртнээс холбоотой байсныг гэрчилдэг байна.

Мэдээлэл: Википедиа чөлөөт нэвтэрхий толь.

Зураг: Цэнгэг клубийн зураг /Зурган дээрх бүх загасыг усанд нь буцааж спорт загасчлалаар загасчилсан болно, зургийг авч ашиглахыг хориглоно/.



Comments


bottom of page